Ч.Киркийн хэргийн сэжигтэнд цаазын ял оноохыг шаарджээ

Ч.Киркийн хэргийн сэжигтэнд цаазын ял оноохыг шаарджээ

Америкийн консерватив үзэлт идэвхтэн Чарли Киркийг буудан хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нэг өрөөнд хамт амьдардаг хүндээ үлдээсэн зурваст уг хэргийг үйлдсэн гэдгээ хүлээжээ. Прокурорууд түүнийг долоон зүйл ангиар буруутгаж байгаагаа мэдэгдээд байна. 

Өдгөө 22 настай Тайлер Робинсон өрөөний хамтрагчдаа компьютерын гарын дор тэмдэглэл бичиж үлдээсэн байсан гэж Юта муж улсын прокурор Жеффри Грэй хэлжээ. Мөн нэг өрөөнд хамт амьдарч байсан хүн нь түүнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.

Ж.Грейгийн хэлснээр, уг зурваст “Надад Чарли Киркийг устгах боломж гарч ирлээ, би энэ боломжийг ашиглах болно” гэж бичсэн байжээ. Прокурор мөн тэдний хоорондоо бичилцсэн мессежийг ил болгосон бөгөөд хэрэгтэн Ч.Киркийг “үзэн ядаж ханасан” тул буудсан гэж хэлсэн байсан гэнэ.

Сэжигтэн Юта муж улсын хорих газрын тусгай байранд батлан ​​даалтад гарах эрхгүйгээр хоригдож байна. Тэрбээр мягмар гарагт эхний шүүх хуралд оролцож, прокурорууд өөрт нь тулгаж буй долоон зүйл ангийг сонсжээ. Түүнийг хүний амийг хөнөөсөн, галт зэвсэг хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, гэрчид нөлөөлөхийг оролдсон, хүүхдүүдийн дэргэд ноцтой гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Ч.Киркийг хөнөөсөн хэргээр түүнд цаазын ял оноохыг шаардана гэж прокурорууд мэдэгджээ. Ч.Кирк нь “Utah Valley University” их сургуулийн оюутны хотхонд өнгөрсөн лхагва гарагт үг хэлж байхдаа дээвэр дээрээс буудуулан амиа алдсан юм. Өнгөрсөн долоо хоногт 33 цагийн турш эрэн сурвалжилсны эцэст баривчлагдсан шүүгдэгч цагдаад хэргээ хүлээгээгүй байна. Прокурор мөн шүүгдэгч гэм буруутай нь нотлогдох хүртэл гэм буруугүйг онцлоод, түүнийг тангарагтны шүүхээр шүүнэ гэдгийг мэдэгджээ. Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр прокурор шүүгдэгчийн мэдүүлэг, мөн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хэмээн сэжиглэж буй галт зэвсгийн гохноос олдсон ДНХ зэрэг олон нотлох баримтыг дэлгэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.