"Silk Way Star" шоуны ялагчаар Монголын дуучин тодорлоо

"Silk Way Star" шоуны ялагчаар Монголын дуучин тодорлоо

Азийн анхны дууны уралдааны мега төсөл болох “Silk Way Star” шоуны удаан хүлээсэн эцсийн шат Астана хотод амжилттай болж өндөрлөлөө. Телевизийн энэхүү төсөл нь цар хүрээний хувьд урьд өмнө болж байгаагүйгээрээ онцлог бөгөөд 10 дугаарын туршид Казахстаны төдийгүй гадаадын сая сая үзэгчдийг байлдан дагууллаа. 

Төслийн финалын шатны эхэнд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын мэндчилгээг Төрийн зөвлөх Ерлан Карин уншиж сонордуулав.

“Silk Way Star бол Ази тивийн улс орнуудын соёл, оюун санааны харилцааг гүнзгийрүүлж, ард түмэн хоорондын найрсаг холбоог бэхжүүлэхэд чиглэсэн онцгой санаачилга юм. Энэхүү төсөл нь улс орнуудын уламжлал, уран бүтээлийн ололт амжилтыг тод томруун харуулсан соёлын дипломат ажиллагааны тод жишээ болж байна” гэж мэндчилгээнд дурджээ.

Олон долоо хоногийн турш үргэлжилсэн уран бүтээлийн өрсөлдөөний оргил мөч нь финалын шоу болсон бөгөөд дуулах урлаг, тайзны шийдэл, зохион байгуулалт, олон улсын хамтын ажиллагааг өндөр түвшинд харуулснаараа улс орнуудын соёлын солилцооны чухал талбар болгон хувирлаа.

Цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрээрээ "Silk Way Star" одоо "Eurovision" зэрэг дэлхийн томоохон дууны уралдаануудтай эн зэрэгцэхүйц болжээ.

Финалын шатанд Армени, Гүрж, Казахстан, Хятад, Монгол, Узбекистан, Малайз улсуудыг төлөөлсөн долоон шилдэг оролцогч тоглолтоо үзүүлэв. Уран бүтээлч бүр эх хэлээрээ дуулж, үзэгчдэд өөрийн ард түмний соёлын өв, дууны хэв маягийн олон янз байдлыг харууллаа. Финалын шатны үзүүлбэрүүд өвөрмөц содон найруулга, визуал дүрслэл болон Казахстаны стилистүүдийн багийн гранд финалд зориулан бүтээсэн  тайзны шийдлээрээ онцгой байлаа.

Азийн анхны дууны уралдааны ялагчийг Казахстаны Ардын жүжигчин Димаш Кудайберген зарлалаа.  "Silk Way Star төслийн ялагч бол Монголын Мишель Жозеф!" хэмээн тэрбээр зарлав. 

Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолборын түнш, Хятадын хэвлэл мэдээллийн группын Евразийн товчооны редакцын дарга Ван Делу, Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолборын ерөнхий захирал Раушан Кажибаева нар шагналыг гардууллаа.

"Silk Way Star" уралдааны эхний улирлын ялагчийг шүүгчдийн шийдвэр /50 хувь/, үзэгчдийн цахим санал хураалт /50 хувь/ гэсэн хосолсон системээр тодруулсан бөгөөд үзэгчид “silkwaystar.org” цахим хуудсаар дамжуулан өөрсдийн дэмжиж буй оролцогчдод саналаа өгчээ. Эцсийн шатны дугаарыг “Jibek Joly” сувгаар шууд дамжуулж, Казахстан, Азербайжан, Тажикистан, Киргиз, Монголд нэгэн зэрэг нэвтрүүлсэн байна.   

Төслийн туршид олон улсын дууны мега төслийн авьяаслаг оролцогчдын тоглолтуудыг олон орны олон сая үзэгч шимтэн үзлээ. "Silk Way Star" төслийг Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор болон Хятадын Хэвлэл мэдээлийн группийн хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн юм. 

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев "Silk Way Star" төслийн оролцогчдод хандан, нэр хүндтэй олон улсын дууны уралдааныг амжилттай дуусгасан явдалд баяр хүргэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.