Монголын үндэсний өвлийн спортын наадмын тов гарлаа.
Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан үндэсний өвлийн спортын наадмын тов гарлаа.
Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл шагай, сур харвааны шигшээ тэмцээн Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай болон Цонжинболдог дахь “Уухайн дуу” амралтын баазад энэ сарын 22-25-нд болно. Өмнөх наадам 2022 онд болоход 21 аймаг, есөн дүүргийн нийт 426 (мөсөн шагай харваанд 126, мөсөн сур харваанд 300) тамирчин цэц мэргэнээ сорьсон бол энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд одоогийн байдлаар 21 аймаг, есөн дүүргийн 600 орчим тамирчин оролцохоо мэдүүлжээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж, өдгөө найм дахь удаагаа болох гэж байна.
Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв. Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.