Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс санаачилж, өнгөрсөн сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Тэрбээр Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”, Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх”, мөн зүйлийн 4-т “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар, мөн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж, Жаран долоодугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасныг тодорхой уншиж сонсгосон юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусвар болох тухай 9.1.4 дэх заалтад “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн” хэмээн заасан нь Үндсэн хуулийн Жаран долоодугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай зөрчилдөж байгааг дурдаад, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах тухай заалтыг шүүхээс хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна гэлээ.
Иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа, ард түмний элчийн хувьд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгохыг шаардаж байгааг тэрбээр тэмдэглэн, өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох замаар Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тайлбарлалаа.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. Хууль санаачлагчийн танилцуулга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Мөн тус хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зөв эсэх тухай УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан эрх зүйн тайлбар өгөв. Тэрбээр Үндсэн хуульд заасан хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуулийн тавдугаар зүйлээр зохицуулсныг танилцуулсан юм. Эдгээрээр УИХ-ын үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлахаар, Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлах болон хууль санаачлах замаар өөртөө Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээс гадуур тодорхой бүрэн эрх олж авахыг нь хязгаарлахаар зохицуулсан гэдгийг тэрбээр дурдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй хамааралгүй, зөвхөн УИХ-ын гишүүний эрх зүйн байдалтай холбоотой байгааг хэлэв. Мөн Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан УИХ-ын 18 онцгой бүрэн эрхийн алийг ч Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл хөндөөгүй байгааг дурдаж, харин өргөн мэдүүлсэн төслийг хэрхэн өөрчлөх болон батлах, эсэх нь УИХ-ын бүрэн эрх гэдгийг хэлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг энэ сарын 10-нд буюу маргаашийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар хойшлуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.