БНСУ-д эмчилгээний зорилгоор ирж буй иргэдийн асуудлыг хэлэлцэв

БНСУ-д эмчилгээний зорилгоор ирж буй иргэдийн асуудлыг хэлэлцэв

БНСУ-ын Хууль зүйн яамны ГИХГ-аас зохион байгуулсан тус улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын визийн тогтолцоог шинэчлэх, ХЗЯ-ны магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтын нөхцөлийг уян хатан болгох, тус салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах зэрэг сэдвээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас оролцов.

Хэлэлцүүлгээр БНСУ-ын Хууль зүйн яамнаас гадаадын өвчтөн татах магадлан итгэмжлэгдсэн “шилдэг байгууллага”-ын тоог 2025 онд 39-өөс 90 болгон нэмэгдүүлсэн, виз бүрдүүлэлтийн материалын шаардлагыг хялбаршуулах, цахим визийг 3 хоногийн хугацаанд шийдвэрлэх, өвчтөний хамт ирэх гэр бүлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэргээр эмчилгээний визийн тогтолцоонд хөнгөлөлттэй нөхцөл орж буй талаар мэдэгдэв.Мөн эмчилгээний болон wellness аялал жуулчлалыг дэмжих хүрээнд давтан эмчилгээ шаардлагатай гадаадын өвчтөнд богино хугацааны олон удаагийн (C-3) виз олголтыг хөнгөвчлөх, урт хугацааны (G-1) виз олголтын нөхцөл, журмыг сайжруулах, орон нутгийн эмчилгээний байгууллагуудыг дэмжих зорилгоор нэмэлт үнэлгээний шалгуур нэвтрүүлэх зэрэг шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа Пусан, Канвон бүс нутгуудад wellness болон эмчилгээний аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаатай уялдуулан гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад анхаарч байгаа ажээ.

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцож, эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих Монгол Улсын иргэдэд тулгарч буй асуудал, визийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, БНСУ-д аялал жуулчлалын зорилгоор ирж буй иргэд эмнэлэгт уудаг эмээ бичүүлэх, давтан шинжилгээ хийлгэх зэрэг шалтгаанаа тайлбарлахад аяллын бус зорилготой гэж үзэн хилээр нэвтрүүлэхгүй байх, мөн хүнд өвчтэй ар гэрийн гишүүндээ очих виз олгохгүй байх зэрэг хүндрэл гарч байна. Иймд эмчилгээтэй холбоотой зорчих иргэд, сахиур, ар гэрийн гишүүдийн визийг тохиолдол бүрээр уян хатан шийдвэрлэх шаардлагатайг онцлов.

Мөн эмнэлгийн зуучлагч, төлөөлөгчдийн зүгээс эмчилгээний зардал, үр дүнгийн талаар хангалттай мэдээлэл өгөх, эмчилгээний төлбөрийн ил тод байдлыг хангахыг хүсэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.