Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг УИХ-аас хянан шалгахтай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж 2024 оны тавдугаар сарын 26-нд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хууль батлагдсантай холбоотойгоор Нийтийн сонсголын тухай хуульд заасан ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулахаар хуульчилсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан зорилгын хүрээнд 2021-2030 онд УИХ-ын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхэжсэн байхаар хүрэх үр дүнг тодорхойлсон байдаг. Иймд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд зохион байгуулсан хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлт, чиглэлтэй холбоотойгоор үр дүнгийн сонсгол зохион байгуулахтай холбоотой эрх зүйн үндсийг хуульчлах шаардлага үүссэн гэж төсөл санаачлагч үзжээ.
Тиймээс Монгол Улсын Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зохион байгуулсан хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлт, чиглэлийн дагуу үр дүнгийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой хуулийн төслийг боловсрууллаа гэж УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулав.
Хуулийн төсөл нь үр дүнгийн сонсгол зохион байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлох бөгөөд уг хуулийн 6 дугаар бүлэг буюу УИХ-ын хяналтын сонсгол, түүний төрөл, зохион байгуулалттай холбоотой 26 дугаар зүйлд нэмэлт оруулах зохицуулалтыг тусгасан байна.
Парламентын сонсгол зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой. Гэсэн хэдий ч сонсголын үр дүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний биелэлт, үр дүнг тооцож шалгах үр дүнгийн сонсголыг зохион байгуулах нь парламентын аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний биелэлтийг тооцох, нээлттэй сонсох нь түүнтэй адил чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.