“Дэлхийн мисс-2025” тэмцээнд оролцохоор Б.Эрдэнэсувд Энэтхэгийг зорилоо.

Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2025” тэмцээнд Монголоос үндэсний ялагч миссээр тодорсон Б.Эрдэнэсувд Энэтхэгийг өнөөдөр зорилоо.
72 дахь удаагийн “Дэлхийн мисс”-т орон орны гоо бүсгүйчүүд алтан титмийн төлөө Энэтхэгийн Теленгана хотод энэ сарын 31-нд өрсөлдөх юм.Тэрбээр финалын өдөр үндэсний хувцсаа өмсөхөөр төлөвлөсөн бөгөөд хувцсыг нь “O Couture” брэнд урлажээ.
“Дэлхийн мисс” тэмцээнд хэрхэн оролцох талаараа Б.Эрдэнэсувд “Монгол төдийгүй дэлхий нийтэд цөлжилт, хөрсний бохирдол, усны нөөцийн асуудал тулгамдаж байна. Үүнийг хөндөх болно. Түүнчлэн монголчууд олон зуун жилийн баялаг түүх, бахдам өв соёлтой ард түмэн гэдгийг бүгд мэднэ. Харин өв уламжлалаа одоо хэр нь хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн сацуу орчин үеийн хөгжил дэвшил, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж яваа гэдгийг танилцуулга бичлэгтээ харуулахыг зорьсон. Ингэхдээ зураг авалтаа нийслэл хот төвд хийсэн. Мөн хоббиноосоо уралдааны машинтай дрифт хийж байгаа дүрсийг уламжлалт ахуй соёлтойгоо хослуулна. Үндэсний хувцастай гараа гэж байдаг. Тэр нь финалын өдөр болдог. Тэрхүү гараан дээр 137 орны мисс хамтдаа тайзан дээр хөгжмийн аянд үндэснийхээ онцлог бүхий хөдөлгөөнийг хийдэг. Би язгуур урлагийн төрөл болох монгол биелгээгээ хийх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярьжээ.
Энэ жилийн үндэсний ялагч Б.Эрдэнэсувд МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн эрх зүй хос мэргэжлээр суралцдаг аж. Түүний хувьд 2023 оны “Монголын сайхан бүсгүй” уралдааны “Шүр эрдэнэ”-ээр тодорч, тэр жилдээ “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч тодруулах тэмцээнд дэд байрт шалгарч байв. Тэгвэл тэр олноо “Буур” xэмээн алдаршсан 1926, 1928 оны наадмын түрүү бөх даян аварга Н.Жамъян агсны удмын оxин юм . Аав нь улсын харцага Г.Батбаяр бол авга ах нь дарxан аварга Г.Өсөxбаяр ажээ.
Ташрамд дурдахад, “Дэлхийн мисс” бол олон улсын гоо сайхны тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй нь юм. Анх 1951 онд Их Британийн “Эрик Морли” зар сурталчилгааны байгууллага зохион байгуулснаас хойш тив, дэлхийн тэмцээн болтлоо өргөжсөн гэдэг. Тэгвэл манай улсаас анх 2005 онд “Дэлхийн мисс”-т оролцож эхэлсэн бөгөөд тухайн үед мисс Б.Хонгорзул өрсөлдсөн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.