БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх долоо хоногт эхэлнэ

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа ирэх долоо хоногт эхэлнэ гэж Сонгуулийн үндэсний хороо өнөөдөр мэдэгдлээ. Онц байдал тогтоосны улмаас албан тушаалаасаа буусан Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах шинэ удирдагчийг сонгоход ердөө гурван долоо хоног үлджээ.
Сонгуулийн сурталчилгаа ирэх даваа гарагт эхэлж, сонгогчид саналаа өгөхөөс нэг өдрийн өмнө буюу зургаадугаар сарын 2-нд дуусна. Энэ хугацаанд нэр дэвшигчид, тэдний сурталчилгааны баг болон гэр бүлийн гишүүд сонгуулийн хуулийн дагуу сурталчилгаа явуулахыг зөвшөөрнө.
Тэд өглөөний 07:00 цагаас оройны 23:00 цагийн хооронд олон нийтийн газруудад үг хэлж, ухуулах хуудас болон сурталчилгааны бусад материал тарааж, сурталчилгааны самбаруудаа байршуулж болно. Харин намууд олон нийтийн газруудад мөрийн хөтөлбөрөө сурталчлах, улс төрийн асуудлаар мэтгэлцээн явуулахыг хориглодог. Түүнчлэн сурталчилгааны бүх самбарыг ням гараг гэхэд буулгах ёстой.
Мөн гар утасны мессеж зурвасаар сурталчилгаа явуулахыг зөвшөөрдөг боловч дээр дурдсан хугацаанд нэг нэр дэвшигчийн илгээх боломжтой зурвасын тоог наймаар хязгаарладаг. Түүнчлэн сурталчилгаанд сайн дураараа оролцсон хүмүүс цалин хөлс авахыг хориглоно.
Сонгуулийн хороо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн зурагт хуудсуудыг улсын хэмжээнд 80 мянга орчим газарт байрлуулахаар төлөвлөж байна. Мөн орон даяар 26 сая орчим товхимол маягийн сурталчилгааны материал, 25 сая ухуулах хуудсыг айл өрхүүдэд тараана.
Сонгогчид мөн Сонгуулийн хорооны албан ёсны цахим хуудаснаас нэр дэвшигчдийн амлалт, сурталчилгааны мөрийн хөтөлбөртэй танилцах боломжтой. Тус хороо энэ сарын 10, 11-ний өдрүүдэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа нэр дэвшигчдэд албан ёсны үнэмлэхийг олгох ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.