БНАСАУ далайн эргийн амралт, аялал жуулчлалын бааз нээлтээ хийв

Умард Солонгос улсын удирдагч Ким Жон Ун аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх алхмуудынхаа нэгийг амжилттай тавилаа. Түүний сүүлийн зургаан жилийн турш барилгын ажлыг нь гүйцэтгүүлсэн цоо шинэхэн далайн эргийн амралт, аялал жуулчлалын бааз нээлтээ хийсэн байна.
Умард Солонгосын Вонсан хотын далайн эрэгт байрлах Вонсан Калма бааз ирэх долоо хоногоос буюу долоодугаар сарын 1-ний өдрөөс дотоодын аялагч жуулчид, амрагчдыг хүлээж авна. Харин гадны жуулчдыг хэзээнээс хүлээж авах нь тодорхойгүй байна.
Вонсан хот нь Умард Солонгосын Канвон мужид байдаг далайн эргийн боомтын хот төдийгүй тэнгисийн цэргийн бааз байрладаг. Зүүн талаараа Солонгосын хойгтой хиллэж, Японы тэнгисийн эрэг дээр байрладаг Канвож мужийн нийслэл, хамгийн том хот юм. Тус хотын боомтыг 1880 Японы зэвсэгт хүчин нээж байжээ. Энэ хотоос пуужингийн туршилт ч хийж байсан удаатай.
Умард Солонгос улс байгуулагдсанаас хойш өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Вонсанд тус улсын хамгийн чинээлэг, нийгмийн дээд давхарга элит гаралтай хүмүүс амьдарч ирсэн. Тансаг зэрэглэлийн хувийн сууц, амралтын газрууд олон байдаг. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энд хүүхэд насаа өнгөрөөжээ.
Удирдагч Ким Вонсаныг солонгос маягийн аялал жуулчлалын бааз болгон өөрчилсөндөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Тэрээр шинэ баазаас тэрбум ам.долларын ашиг олно гэж тооцоолсон тухай зарим хэвлэлд бичжээ.
Умард Солонгосын төрийн мэдлийн сувгаар амралтын бааз шинээр нээгдсэнийг албан ёсоор дамжуулсан. Тус сувгийн мэдээлснээр шинэ баазад нэг ээлжиндээ 20 000 амрагч хүлээж авах хүчин чадалтай. Далайн эргийг дагаад 4 км үргэлжлэх юм байна. Тус цогцолборт зочид буудлууд, зоогийн газрууд, худалдааны төвүүд, усан парк зэргийг багтаажээ.
Умард Солонгос улс цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлснээсээ болоод хэдэн арван жилийн турш олон улсын хоригт орж, дэлхийн хамгийн хаалттай улс болсон. Олон улстай харилцаагүй болсноор эдийн засаг нь ч мөн хөгжилгүй байсаар дэлхийн хамгийн ядуу улс гэж нэрлэгддэг. Улсын төсөв орлогынхөө ихэнхийг цэрэг армийн салбарт зарцуулдаг.
Тиймээс улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох цоо шинэ аялал жуулчлал, амралтын төв нь Пёньяны хувьд мөнгөний урсгал татах хамгийн амар хялбар арга юм гэж ажиглагчид ярьж байна. Энэ баазад хүлээж авах гадны жуулчдын ихэнх нь Умард Солонгостой харилцаа сайтай байдаг Хятад, Орос улсуудын иргэд байх нь тодорхой юм.
Дэлхий даяар ковид-19 цар тахал гарснаас хойш 2020 оноос эхлээд улс орнууд хилээ хааж эхэлсэн. Цар тахлын үед хамгийн удаан хилээ хааж тусгаарласан улс орнуудын нэг нь Умард Солонгос юм. Умард Солонгос 2023 оны дунд хүртэл хилээ хааж, өнгөрсөн жилээс анхны гадны жуулчдыг хүлээж авсан. Цар тахлын дараа тус улсад зочилсон ахны гадаад улсын иргэд нь ОХУ-ын жуулчид байсан юм.
Энэ жилийн хоёрдугаар сараас эхлээд Умард Солонгосын хил илүү нээлттэй болсноор Их Британи, Франц, Герман, Австралийн жуулчдыг Хятадын хилээр дамжуулан хүлээж авчээ. Вонсаны шинэ бааз өрнөдийнхний жуулчдын анхаарлыг ихээхэн татах болов уу гэсэн таамаг байна.
Эх сурвалж: Eagle.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.