Иран Али Хаменеин хүүг улсын дараагийн дээд удирдагчаар сонгожээ
Ираны Сэцдийн зөвлөл Али Хаменеин хүү Можтаба Хаменеиг тус улсын дараагийн дээд удирдагчаар сонгосон тухай Iran International суваг мэдээлжээ.
Можтаба Хаменеиг томилох шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу дээд удирдагчийн сонгох асуудлыг хариуцдаг Сэцдийн зөвлөлийн хурлаар гаргажээ.
Ираны хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, Хаменеи амиа алдсаны дараа улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд түүний залгамжлагчийг аль болох хурдан тодруулахыг Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус тус зөвлөлөөс шаардсан байна. Можтаба Хаменеи бол Ираны дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеин хоёр дахь хүү бөгөөд 1969 онд Мешхед хотод төржээ. Тэрбээр эцэг болон нөлөө бүхий бусад багш нарын удирдлага дор шашны сургаал судалж, шашны номлогч болсон байна. Hindustan Times сонины мэдээлснээр, тэрбээр эхнэр Захра Хаддад-Аделээсээ гурван хүүхэдтэй.
2005, 2009 оны Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрбээр Махмуд Ахмадинежадыг дэмжиж байсан бөгөөд 2009 оны сонгуульд ялахад нь ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. 2009 оны зургаадугаар сард Ахмадинежад ялсны дараа эсэргүүцлийн жагсаалууд өрнөх үед тэдгээрийг дарах ажиллагааг Можтаба удирдсан тухай мэдээлэл гарч байв.
Иранд шинээр тодрох ямар ч удирдагч Израилын зэвсэгт хүчний хувьд “устгах ёстой бай болно” гэж Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац мэдэгджээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.