Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаандаа Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовыг ялж, WBC холбооны АНУ-ын супер өдөн жингийн аваргын бүсийг хүртэв. Энэ ялалтаар тэрбээр мэргэжлийн рингэнд нэг ч ялагдалгүй 16 дараалан яллаа.
АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын "County Coliseum" ордонд энэ сарын 13-ны орой (Монголын цагаар 11 дүгээр сарын 14-ний өглөө) болсон тулаанд хоёр тамирчин супер өдөн жин буюу 58.976 кг (130 паунд)-ын ангилалд WBC холбооны АНУ-ын аваргын бүсийн төлөө өрсөлдсөн юм. Нийт 10 раунд үргэлжилсэн тулаанд Э.Цэндбаатар илүүрхэн тоглож, гурван шүүгчийн оноогоор (98-91, 98-91, 99-90) үнэмлэхүй ялжээ. Тэрбээр гурван сарын турш тасралтгүй бэлтгэл хийж, 15 кг хасаж жиндээ орсон байна.
Түүний өрсөлдөгч 31 настай Мухаммадхужа Искандарович Якубов мэргэжлийн рингэд 23 удаа тулаан хийхдээ ийнхүү хоёр дахиа ялагдлаа. Тулааныхаа 12-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан, солгой өрөлттэй тамирчин юм. WBC-гийн чансааны долоодугаарт жагсаж буй түүний хувьд 7-р ангийн сурагч байхдаа боксын спортод анх хөл тавьжээ. Өдгөө Лос-Анжелес хотын Wild Card Boxing Club-д Фредди Роучийн удирдлагад бэлтгэлээ базаадаг тэрбээр WBC International, WBA Continental, WBO Youth зэргээс гадна залуучуудын аваргын бүс эзэмшиж байв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.