Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардын хүч” намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд Ким Мүн Сү ялжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардын хүч” намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд Ким Мүн Сү ялжээ.

Өмнөд Солонгост ирэх зургаадугаар сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд “Ардын хүч” намаас /АХН/ нэр дэвшигч тодруулах сунгаанд Ким Мүн Сү ялжээ.

 

Намын төлөөлөн сонгогчдын санал болон пүрэв, баасан гарагт явуулсан олон нийтийн санал асуулгын дүнг нэгтгэсэн намын сунгаанд Ким Мүн Сү 56.5 хувийн санал авснаар 43.5 хувийн санал авсан АХН-ын дарга асан Хан Дон Хуныг илүүрхсэн байна.

 

Ингэснээр Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарласны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа түүний халааг авах хүнийг сонгох өрсөлдөөнд Ким Мүн Сү Ардчилсан намаас /АН/ нэр дэвшигч Ли Жэ Мёнтой өрсөлдөхөөр болжээ.

 

Гэхдээ АХН-аас нэр дэвшигчийг тодруулсан боловч өрсөлдөөн дуусаагүй байх магадлалтай байна. Баасан гарагт Ерөнхий сайд асан Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан юм. Юн Сог Ёлийг огцруулсны дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ерөнхий сайд асан Хан Док Сү сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээр АХН-ын нэр дэвшигчидтэй харьцуулахад өндөр үнэлгээ авсан байна. 

Одоогийн байдлаар Ерөнхий сайд асан ямар ч улс төрийн намтай холбоогүй байгаа боловч олон нийтийн санал асуулгыг тэргүүлж буй АН-ын Ли Жэ Мёны эсрэг консервативчуудын саналыг нэгтгэхийн тулд АХН-аас нэр дэвшсэн хүнтэй хамтран ажиллахыг эрмэлзэх төлөвтэй байна. Ким Мүн Сүгийн хувьд энэ тал дээр нээлттэй байгаагаа илэрхийлсэн бол Хан Дун Хун Ерөнхий сайд асныг нам доторх сунгаанд оролцохгүйгээр өрсөлдөөнд орохыг оролдсон хэмээн шүүмжилжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.