Ираны Зэвсэгт хүчин Ормузын хоолойд "хатуу хяналт" тогтоосноо мэдэгдэв

Ираны Зэвсэгт хүчин Ормузын хоолойд "хатуу хяналт" тогтоосноо мэдэгдэв

Ираны Зэвсэгт хүчин Ормузын хоолойд "хатуу хяналт" тогтоосноо өчигдөр мэдэгдэж, Вашингтонтой хийсэн хэлэлцээний хүрээнд стратегийн чухал уг тээврийн замыг нээх шийдвэрээ нэг хоног хүрэхгүй хугацааны дараа цуцаллаа. Төрийн телевизээр дамжуулсан мэдэгдэлдээ цэргийнхэн Вашингтон амлалтаа зөрчиж, тэнгисийн бүслэлтээ үргэлжлүүлсэн гэжээ. 

АНУ-ын тал Иран руу нэвтэрч буй бүх хөлөг онгоцны чөлөөтэй зорчих эрхийг сэргээх хүртэл "Ормузын хоолой хатуу хяналтад байх болно" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын Тэнгисийн цэргийн хүчин бямба гаргийн орой "Персийн булан, Оманы буланд зангуугаа хаясан нэг ч хөлөг онгоц зогсоолоосоо хөдөлж болохгүй" гэж анхааруулжээ. "Ормузын хоолойд ойртох нь дайсантай хамтран ажилласанд тооцогдох ба дүрэм зөрчсөн хөлөг онгоцууд бай болох болно" гэж тус корпусын мэдэгдэлд дурджээ.

"Дональд Трампын Ормузын хоолойтой холбоотой мэдэгдэл хүчингүй" гэж хувьсгалыг хамгаалагчид мөн мэдэгджээ. Үүнээс өмнө бямба гарагт Д.Трамп сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Ираны удирдлагууд Ормузын хоолойг дахин хаахыг хүсэж байгаа боловч “АНУ шахалтад автахгүй” гэсэн байна. Түүний хэлснээр АНУ энэ асуудалд хатуу байр суурь баримталж байгаа аж.

Тэрбээр хэлэхдээ, Ираны талтай "маш сайн хэлэлцээ" хийж байгаа гэж дурдаад, гэсэн хэдий ч Техран "сүүлийн 47 жилийн туршид гаргаж ирсэн шигээ "бага зэрэг овжин авирлаж байна" хэмээн хэлжээ.  

Иран, АНУ-ын хооронд байгуулсан хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн хугацаа ирэх лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 22-нд дуусна. "Би үүнийг сунгахгүй байж магадгүй, гэхдээ бүслэлтийг үргэлжлүүлнэ" гэж Д.Трамп өмнө нь Air Force One хөлөг онгоцонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна.

АНУ-ын Төв командлалын (CENTCOM) мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 13-наас эхэлсэн бүслэлтийн үеэр Ираны боомтыг зорьж байсан 21 хөлөг онгоц замаасаа буцахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.