“Тод Мөр-IV” Эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа

“Тод Мөр-IV” Эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа

Нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Тод Мөр-IV” эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулганыг "SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг зохион байгуулж, Монголын Нөхөн Сэргээх Гоо Сайхны Мэс Засалчдын Холбоо хамтран оролцсон бөгөөд
АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлэг дэмжин оролцож, эрдэм шинжилгээний хурлыг өөрийн хурлын зааланд зохион байгууллаа.

Энэ удаагийн чуулганд нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн төлөөлөл болсон 40 гаруй эмч, мэргэжилтэн оролцож,
“Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл” болон “Эмнэл зүйн тохиолдол” гэсэн хоёр үндсэн ангиллаар илтгэл хэлэлцүүлэв.

 

Чуулганы онцлох үйл явдлын нэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр хүнд бүхий “345 Гоо сайхны мэс заслын эмнэлэг”-ийн Ерөнхий эмч, Анагаах ухааны доктор Паг Жун Рим зочин профессороор оролцож илтгэл тавьсан явдал байв.
Тэрээр “Шанаа яс багасгаж нүүрний хэлбэр засах мэс засал” сэдвээр илтгэл тавьж, орчин үеийн мэс заслын аргачлал, практик туршлагаас хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татлаа.

Мөн чуулганы хүрээнд илтгэлүүдийг үнэлэн шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, мөнгөн шагнал, батламж, цом гардуулсан юм.
Энэ удаагийн чуулганы шилдэг илтгэлээр “Med Care” эмнэлгийн эмч Э.Дэлгэрмаа-гийн “Доод хэсгийн цусан хангамжийг хадгалах техникээр хөх багасгах мэс засал хийсэн тохиолдол” сэдэвт эмнэл зүйн илтгэл шалгарлаа.

 

“Тод Мөр” эрдмийн чуулган нь салбарын эмч, судлаачдын мэдлэг, туршлага солилцоог дэмжих, шинэлэг арга технологийг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал платформ болж байгаагаараа онцлог юм. Зохион байгуулагчдын зүгээс цаашид энэхүү чуулганыг уламжлал болгон зохион байгуулж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.