Агуулхад нуусан 20 сая орчим ам.доллартой тэнцэх бэлэн мөнгийг илрүүлэн хураан авчээ.

Агуулхад нуусан 20 сая орчим ам.доллартой тэнцэх бэлэн мөнгийг илрүүлэн хураан авчээ.

Унгарын эрх баригчид тус улсын өмнөх Ерөнхий сайд Виктор Орбаны засгийн газарт сайдаар ажиллаж байсан Миклош Шестактай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах явцад ойд булсан, фермийн барилга, агуулахуудад нуусан 20 сая орчим ам.доллартой (6.620 тэрбум унгар форинт) тэнцэх бэлэн мөнгийг илрүүлэн хураан авчээ.

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгуульд ялснаар В.Орбаны 16 жилийн засаглалыг эцэс болгосон билээ. Тэрбээр В.Орбаны үед олон жил үргэлжилсэн санал зөрөлдөөний улмаас Европын Холбоотой муудаад байсан харилцааг хэвийн болгох, мөн авлига, хээл хахуулийн хэргүүдэд өргөн хүрээний мөрдөн шалгалт явуулахаа амлаж байсан юм.

Энэхүү ажиллагаа нь баруун төвийн үзэлтэй П.Мадьярын "Ариусгалын ажиллагаа" хэмээн нэрлэсэн авлигатай тэмцэх кампанит ажлын нэг хэсэг ажээ. "Median" судалгааны байгууллагын санал асуулгад оролцогчдын 70 хувь нь уг аяныг "маш чухал" гэж үзэж байна. Санал асуулгын дүнг энэ долоо хоногт "HVG" мэдээллийн сайтад нийтэлжээ. 

"Нэгжлэг хийх үеэр мөрдөн байцаагчид ойд булсан, фермийн барилга, агуулах болон орон сууцанд нуусан, мөн алслагдсан байршилд үнэтэй сейфэнд хадгалсан их хэмжээний бэлэн мөнгө илрүүлсэн" гэж Үндэсний хөрөнгө буцаан олгох, хамгаалах газраас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Унгарын Сангийн сайд Андраш Карманы хэлснээр, хурааж авсан бэлэн мөнгийг тоолоход Төрийн сангийн арваад ажилтан найман цаг зарцуулсан байна. Бэлэн мөнгийг мөнгө тоологч машинаар тоолжээ.

Их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн нь В.Орбаны 16 жилийн засаглалын үед түүний тэргүүлдэг барууны үзэлт “Фидес” нам болон тус намын холбоотон Христийн ардчилсан намын бий болгосон “мафийн тогтолцоо” нуран унаж байгааг илтгэж байна гэж П. Мадьяр мэдэгджээ.

"Фидес" нам фэйсбүүк хуудсандаа М.Шестакийг уг мөнгөтэй холбоогүй гэж найдаж буйгаа бичсэн байна.

"Дэглэм өөрчлөгдсөнөөс хойш Унгарын хууль тогтоогч бүр хуулийг дээдэлж, хэрэгжүүлэх тангараг өргөсөн. Фидес-Христийн ардчилсан ардын намын (KDNP) эвсэл энэ үүргийг зөрчсөн бүхэнтэй холбоотой байх боломжгүй. Хөрөнгө буцаан олгох газраас нийтэлсэн зургууд Миклош Шестактай ямар ч холбоогүй гэдэгт бид итгэж байна" хэмээн "Фидес" намын мэдэгдэлд дурджээ.

2014-2018 онд Орбаны засгийн газарт Хөгжлийн сайдаар ажиллаж байсан М.Шестак хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэж мэдэгдсэн байна. Түүний өмгөөлөгч Габор Папп хөрөнгө буцаан олгох газрын мэдэгдэлд тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. Гэхдээ тэрбээр "Telex" мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа хураагдсан бэлэн мөнгө нь парламентын Эдийн засаг, эрчим хүчний байнгын хорооны гишүүн М.Шестакийнх биш гэж мэдэгджээ. Тэрбээр мөн уг авлигын хэрэгт өөр сэжигтнүүд ч холбоотой байгааг нэмж хэлсэн байна.

Христийн ардчилсан намын парламент дахь бүлгийн дарга Бенце Ретвари тус намын дэд даргын албыг хашиж буй М.Шестакийг өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлох хугацаандаа парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёстой гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.