Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт “COP17”-гийн тухай танилцуулав
Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын тухай танилцуулах уулзалт Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд болов.
Манай улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бээжинд томилолтоор ажиллаж буй юм. Энэ нь COP17 хурлыг энэ зун зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготойг БОУАӨЯ мэдээлэв.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа 70 гаруй улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Элчин сайд, дипломат ажилтнууд хүрэлцэн иржээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Хорват Улс, Эквадор, Гренада, Румын, Армен Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, БНТУ, Бүгд Найрамдах Кипр улсын элчин сайд биечлэн оролцсон байна.
Уулзалтын үеэр COP17 хурлын бэлтгэл, Монгол Улсын зорилт, тэргүүлэх чиглэл, олон улсын хамтын ажиллагааны боломжийг мэдээлж, түнш орнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэх тухай санал солилцов. Ийнхүү манай улс 2026 онд дэлхийн анхаарлын төвд байх олон улсын хурал зохион байгуулах бэлтгэлээ эрчимжүүлж, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг шат дараатай хийж эхэллээ.
Эдгээр яриа хэлэлцээний хүрээнд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалал, усны нөөцийн менежментийн асуудал бодит ажил хэрэг болох суурь тавигдах ажээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.