Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй шинэчлэл хийх түүхэн шийдвэр гаргаж, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ.

Энэхүү төв нь өвчин гарсны дараа аргацаан эмчлэх бус, эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог нэг цэгээс зангидах үндэсний хэмжээний чадамж юм. Өөрөөр хэлбэл, энэ нь шинэ эмнэлэг байгуулах тухай асуудал бус, харин улс орны эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, Засгийн газрын шийдвэр гаргалтыг нотолгоонд тулгуурлан дэмжих стратегийн институц юм.

Дэлхийн улс орнууд ийм тогтолцоог эрүүл мэндийн салбарынхаа тулгуур багана болгож байна. АНУ-ын CDC, БНСУ-ын KDCA, Европын ECDC, Сингапурын CDC зэрэг байгууллагууд 24 цагийн турш тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээг тасралтгүй гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлын түвшинд ажиллаж байна. КОВИД-19 цар тахлын сургамж нь дараагийн цар тахал “хэзээ” гарах вэ гэдэг асуулт үлдээснээс бус, “гарах уу, үгүй юу” гэх эргэлзээг нэгэнт арилгасан билээ.

Манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиг үүрэг өнөөдрийг хүртэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагуудад хуваагдан хэрэгжиж ирсэн нь уялдаа холбоо, нэгдсэн удирдлагын хувьд сул тал дагуулж байсан. Шинээр байгуулах төв нь эдгээр байгууллагын нийгмийн эрүүл мэндийн чиг үүргийг нэг удирдлага дор төвлөрүүлж, зохион байгуулалтын цогц шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

Энэ нь шинэ барилга байгууламж барих, төсөвт нэмэлт дарамт үүсгэх шийдвэр биш. Харин одоо байгаа бүтэц, нөөц боломжийг оновчтой нэгтгэж, үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх институцийн реформ юм.

Ингэснээр тандалт, лаборатори, тархвар судлал, мэдээллийн нэгдсэн тогтолцоо харилцан уялдаж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай, үр нөлөөтэй хариу арга хэмжээ авах чадавх бэхжинэ. Мөн бодлогын нэгдмэл байдал хангагдаж, олон улсын жишигт нийцсэн лабораторийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх суурь бүрдэнэ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулах ажлыг 2–3 сарын хугацаанд үе шаттай хэрэгжүүлж, энэ оны тавдугаар сараас үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна.

Өнөөдөр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах ажлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахдаа,  

CDC буюу “Өвчний хяналт, сэргийлэлтийн төв гэдэг бол халдвар болон халдварт бус өвчин гарсны дараа эмчлэх биш, улс орныг эрсдэлээс хамгаалдаг эрт сэрэмжлүүлэх үндэсний систем юм. Бид одоо гал гарсны дараа гал унтраадаг тогтолцоотой байна. Халдварт өвчний эмчилгээ нь нэг байгууллагад, тандалт нь өөр бүтцэд, эрсдэлийн үнэлгээ нь нэгдсэн системгүй, хариуцлага нь тодорхой бус шуурхай мэдээлэл нэг төвд зангидагддаггүй. Тийм учраас аливаа шийдвэр хожимдож гарч, зардал өсөж, эрсдэл даамжирдаг. Харин CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй болсоноор,

– Эрсдэлийг эрт үе шатанд илрүүлж, тархалтыг хязгаарлах боломж нэмэгдэнэ.

– Шийдвэр гаргалт төвлөрч, шуурхай, нотолгоонд суурилна.

– Олон нийтэд хүрэх мэдээлэл нэгдсэн эх сурвалжтай болно.

CDC бол төсвийн нэмэлт дарамт бус. CDC бол эрсдэлийг бууруулах, зардлыг урьдчилан хэмнэх, үндэсний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх стратегийн байгууллага юм. гэв

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.