Сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
ЭМЯ-ны мэдээлснээр, тус эмнэлэг хоёрдугаар сард шинэ барилгаа ашиглалтад оруулан, иргэдэд тохилог, стандарт шаардлага хангасан орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Шинээр ашиглалтад орсон барилга нь орчин нөхцөлөөс гадна тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилснээрээ онцлогтой. Тухайлбал, компьютер томографийн шинжилгээг орон нутагтаа хийх боломж бүрдэж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Ажлын үеэр сайд Ж.Чинбүрэн хагалгааны вакум өрөөг тохижуулж, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай дэмжлэгийг бүх талаар үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Мөн тэрбээр Хархорин сумын эмнэлгийн тусламж үйлчилгээ осол гэмтэл болон тархины харвалтын яаралтай тусламж байдаг тул хагалгааны өрөөг бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь сэргийлж болох нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтойг онцлов.
Түүнчлэн Хархорин сум өргөжин тэлж, аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж буйтай холбогдуулан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ чанартай, чадамжтай, хүртээмжтэй байх нөхцөлийг бодлогоор тасралтгүй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр орон нутгийн, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд аварч болох амийг аврах хамгийн чухал нэгж, хамт олон гэдгийг тэмдэглээд амжилт хүслээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.