БНСУ-ын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан түймрийн улмаас 14 хүн амиа алджээ
Тэжон хотын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан томоохон гал түймрийн улмаас 14 хүн амиа алдаж, 60 хүн гэмтэж, түлэгдсэн тухай хотын эрх баригчид мэдээлжээ.
Өмнө нь сураггүй болсон гэж тооцогдож байсан сүүлийн гурван хүний цогцсыг бямба гарагт олжээ. Ингэснээр амиа алдсан хүний тоо 14 болж нэмэгдсэн байна. Одоо тэдний хэн болохыг тогтоохын тулд ДНХ-гийн шинжилгээ хийж байна. Мөн 60 хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтжээ.
“Галын шалтгааныг тогтоохын тулд, мөн ийм эмгэнэлт явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид бүх хүчээ дайчлан ажиллана” гэж Гал түймэртэй тэмцэх газрын арга Ким Сун Рён мэдэгдсэн байна.
Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Нүдээр харсан хүмүүсийн хэлснээр, гал маш хурдан тархаж, дэлбэрэлт болжээ. Гал хурдан тархахад үлдэгдэл тос, хуримтлагдсан тоос нөлөөлсөн байж магадгүй гэж таамаглаж байна.
Баасан гаргийн үдийн хоолны цагийн үеэр олон ажилчин хоёрдугаар ба гуравдугаар давхрын хооронд амарч байх үед гал гарчээ. Өтгөн утаа тэднийг барилгаас гарах гол гарц руу очих замыг хааж, зарим ажилчин амь насаа аврахын тулд цонхоор үсрэхээс өөр аргагүй болсон байна.БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён бямба гарагт уг үйлдвэрт очиж, аврах ажиллагааны явцтай танилцаж, амиа алдсан болон түлэгдэж, бэртсэн хүмүүсийн гэр бүлийнхэнтэй уулзжээ.
Үйлдвэрийг эзэмшигч "Anjeon Industry" компанийн захирал мөн амиа алдсан болон түлэгдэж бэртсэн хүмүүсийн гэр бүлээс уучлал хүсэж, галын шалтгааныг тогтоох, хохирогчдод тусламж үзүүлэхэд эрх баригчидтай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.