Умард Солонгосоос Орост олон мянган чингэлэг зэвсэг нийлүүлжээ
Украинтай хийж буй дайнд Москваг дэмжихийн тулд Умард Солонгосоос ОХУ руу сум зэвсэг зэрэг цэргийн зориулалттай бүтээгдэхүүн бүхий 33 мянга орчим чингэлэг илгээсэн гэж Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын байгууллага өчигдөр мэдээлжээ.
БНСУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Тагнуулын газраас сөрөг хүчний "Ардын хүч" намын гишүүн Кан Дэ Шикт хүргүүлсэн тайланд дурдсанаар, Пёньянаас илгээсэн эдгээр чингэлгээр 152 мм-ийн их бууны 15 сая гаруй ширхэг сум илгээсэн байж болзошгүй байна.
Тагнуулынхны энэхүү дүгнэлт нь өнгөрсөн оны долоодугаар сард мэдээлж байсан 28 мянган чингэлэгтэй харьцуулахад ОХУ-д нийлүүлсэн цэргийн тусламжийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэнийг илтгэж байгаа юм. Мэдээллээс үзэхэд, Умард Солонгос чингэлгийг далайн замаар тээвэрлэхдээ ихэвчлэн Оросын хилээс холгүй орших Ражин боомтыг ашиглаж байсан байна.
Түүнчлэн Умард Солонгосоос 170 мм-ийн өөрөө явагч их буу, 240 мм-ийн зэрэг галлагч тийрэлтэт систем зэрэг 220 орчим нэгж техник нийлүүлжээ. Үүнээс гадна 122 мм болон 152 мм-ийн сум, танк эсэргүүцэгч пуужин, ойрын зайн тусгалт баллистик пуужин зэрэг бусад төрлийн зэвсэг хэрэгслийг Орост нийлүүлж байгаа аж.
Мөн 2024 оны аравдугаар сараас хойш нийт 16 мянга гаруй цэргийг Орос руу илгээжээ. Хэдийгээр өнгөрсөн оны 12 дугаар сард тэднээс 1000 орчим нь эх орондоо буцаж ирсэн боловч тэднийг тун удахгүй фронт руу дахин илгээх төлөвтэй байна гэж Өмнөд Солонгосын тагнуулууд мэдээлжээ.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.