Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ, “Би албан тушаалтай зууралдаагүй. Тиймээс улс, эх орны эрх ашгийг нэн тэргүүнд эрэмбэлж албан тушаалаа өгч байна. Энэ нь зөвхөн албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа хэрэг биш том эрх ашгийн төлөө нэгддэг байхыг улстөрчдөд уриалж, өөрийн биеэр үлгэрлэж байгаа явдал юм” хэмээв. Тэрбээр УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, тайлбар хийсний дараагаар өнгөрсөн 9 сарын хугацаанд хэрэгжүүлсэн ажлаасаа тайлагнаж үг хэллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар үгэндээ “2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, хэмнэлтийн тодотгол хийсэн. Үр дүнд нь нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрлээ. Ноолуурын экспорт 4.7 дахин, махны экспорт 25.7 хувиар өслөө. Эдийн засгийн өсөлт 2.6 хувиас 6.8 хувь болж нэмэгдлээ. Инфляц 8.3 хувиас 6.5 хувь болж буурлаа. Төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбум ам.долларын ашигт боллоо. Валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрч, 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдлээ. Энэ бол зөвхөн тоо биш, энэ бол зөв бодлогын үр дүн юм” хэмээн онцлов.

УИХ-ын дарга Н.Учрал тус үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлсэн үгэндээ төр, улсын төлөө зүтгэх цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсэв. Хуралдааны төгсгөлд “Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 74 хувь нь дэмжлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл албан үүргээ түр хугацаанд гүйцэтгэж байхыг хуралдаан даргалагч даалгав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.