Ж.ЧИНБҮРЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
“Тогтолцооны шинэчлэл-үр ашиг” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн цагаан нөмрөгт баатрууд, эрхэм хүндэт эмч нартаа Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
Та бүхэн бол зөвхөн эрүүл мэндийн салбартаа төдийгүй, Монгол улсын нийт хүн амын эрүүл мэнд, элэг бүтэн амьдралд том үүрэг, өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс. Таны хийдэг ажил, гаргадаг шийдвэр амийг аварч, амьдралыг хамгаалан үлддэг билээ. Та өөрийгөө нэг байгууллагын дарга биш нэлээдгүй олон монгол хүн, монгол айлын эрүүл мэндийг хариуцагч, түүнд нөлөөлөгч гэдгээ ухамсарлан ажилладаг гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрүүл мэндийн салбарт удирдах ажил хашна гэдэг нь салбарын бодлогыг хэрэгжүүлэгч байгаад зогсохгүй өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалтыг манлайлагч байхыг хэлдэг.
Эрүүл мэндийн сайдын эрхэм зорилго бол “эрүүл биетэй, урт настай, чанартай амьдралтай” ард түмэн юм. Үүний төлөө өнгөрсөн хугацаанд та бүхэнтэйгээ баг болон ажиллаж цөөнгүй ажлыг амжилттай хийж, гацаж урагшлахгүй удсан асуудлуудад гарц шийдэл олж, Засгийн газраар хэлэлцүүлэн шийдвэрүүдийг гаргаж чадлаа.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт богино хугацаанд олон чухал шийдвэрүүд гарч, зарим нь бодит ажил болж, зарим ажил нь гараанаасаа гарсныг хэлэхэд таатай байна.
2026 онд бид, Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар гэсэн уриан дор ажиллах болно. Эрүүл мэндийн салбар хүнлэг, хүртээмжтэй, хариуцлагатай байж хүндлэл хүлээн, хүлээн зөвшөөрөгдөж, хүчирхэг болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний үрээр монгол хүн эрүүл саруул, элэг бүтэн амьдарч өвдсөн ч санхүүгийн дарамтгүй байх бодлого, зорилго биелэлээ олох учиртай.
Та бүхний мэдлэг, туршлага, манлайлал, сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөрийн ачаар эрүүл мэндийн салбарын хөгжилд шинэ шатны ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. Та нарынхаа ажил үйлсэд өндөр амжилт хүсэж, амьдралд тань сайн сайхныг ерөөе

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.