БНАСАУ цөмийн зэвсэгтэй гүрний статусаа бүрэн хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ

БНАСАУ цөмийн зэвсэгтэй гүрний статусаа бүрэн хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсэгтэй гүрний статусаа бататган хэрэгжүүлэх нь дэлхийн аюулгүй байдлын нөхцөл байдал урьдаас тааварлах аргагүй улам бүр ээдрээтэй болж буй энэ үеийг даван туулах цорын ганц арга зам гэж мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг өнөөдөр уламжлав.

Тэрбээр АНУ, БНСУ-ыг хамтарсан цөмийн хүчин чадлаа тасралтгүй шинэчлэн сайжруулж, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг улам дордуулж байна гэж буруутгаад, үүний цорын ганц зорилго нь БНАСАУ руу довтлох явдал гэж мэдэгджээ.

"Цөмийн хүчээ тууштай өргөжүүлэн бэхжүүлж, цөмийн зэвсэг эзэмшдэг улсын байр сууриндаа баттай зогсох нь олон талаараа улам төвөгтэй болж буй олон улсын цэрэг, улс төрийн нөхцөл байдалд бодитой, итгэлтэйгээр хариу арга хэмжээ авах хамгийн зөв бөгөөд цорын ганц арга зам мөн" гэж Ким Жөн Ун мэдэгдсэн байна.

БНАСАУ-ын удирдагч мөн ердийн зэвсэглэлийг нэмэгдүүлэх, мөн 10 мянган тоннын усан түрцтэй, стратегийн пуужинт крейсер хөлөг онгоц бүтээх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.

АНУ, Хятад, Өмнөд Солонгос улсууд олон жилийн турш дипломат хүчин чармайлт гаргасан боловч тус улс өөрийгөө цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн тунхаглаж, цөмийн зэвсгээсээ татгалзахад юу ч нөлөөлж чадахгүй хэмээн мэдэгдсээр ирсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.