Тэгш, сондгой дугаараар 50 мянган төгрөгт шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно

Тэгш, сондгой дугаараар 50 мянган төгрөгт шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал болж, хурлаас гарсан шийдвэр болоод цаг үеийн мэдээллийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотын 144 ШТС-д 1200 тонн АИ92 автобензин, орон нутгийн 82 ШТС-д 900 орчим тонн АИ 92 автобензинийг хүргэсэн байна.

Энэ нь ердийн үед Монгол Улсын нэг өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.

Мөн ОХУ-аас Монгол Улсыг чиглэн нийт 180 вагон буюу 11000 тонн АИ92 шатахуун замд явж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ирэх төлөвлөгөөтэй байна.

Иймээс ч шуурхай штабын зүгээс шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж, ШТС-уудад үүсч буй ачааллыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээнүүдийг 08-р сарын 15-ны өдрөөс эхлэн зогсоохоор боллоо.

Тодруулбал, нэг машинд ₮50000 хүртэлх шатахуун олгох, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалтууд энэ бямба гарагаар тасалбар болж байна.

Мөн өнөөдөр орой гэхэд Улаанбаатар хотод 1200 тонн АИ92 автобензин ирж байгаа бөгөөд ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

ТС-1 буюу онгоцны түлшний хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-аас 3000 тонн онгоцны түлш авах гэрээ хийгдэж, эхний 1000 тонн түлшийг хүлээн авсан бол үлдсэн 2000 тонн түлш ойрын хугацаанд ирэх юм. Мөн БНСУ-аас ЕВРО5 стандартын шатахуун худалдан авах гэрээ хийгдээд байна.

Монгол Улсын нэг сарын дундаж хэрэглээ 60-70 мянган тонн гэж үзвэл энэ наймдугаар сард ОХУ-аас 50000 тонн АИ92, 15000 тонн АИ95, нэмэлтээр 25000 тонн АИ92 болон 5000 тонн ТС-1 төрлийн шатахууныг татан авахын зэрэгцээ БНХАУ, БНСУ-аас шатахуун авах гэрээ хийгдсэнээр Монгол улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.