Халхгол сумын Соёлз, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглуулав
БОУАӨ-ийн сайдын тушаалаар байгуулсан эрдэмтэн судлаач, шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртсөн талбайн 30 орчим хувьд нь хээрийн судалгаа хийж, шаардлагатай дээж, мэдээллийг цуглууллаа.
Ажлын хэсэг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг үнэлэхээр ажиллаж байгаа юм. Гэвч газарзүйн өвөрмөц байршил, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн үлдсэн талбайд хүрч ажиллах боломжгүй болсон. Иймд БОУАӨЯ, УОК, ОБЕГ, ХХЕГ хамтран хүн нэмж, хоёр нисдэг тэргийг дайчлан ажиллуулснаар очиход хүндрэлтэй бүсэд судалгаа, дээжлэлт хийж байгааг БОУАӨЯ мэдээлэв.
Монгол Улсын хамгийн зүүн зах цэг буюу Нөмрөгийн ДЦГ-ын Соёлз уул нь Монгол-БНХАУ-ын хилийн залгаа, Халхгол сумаас 180 орчим км зайд орших ой, нуга, тал хээр, гол, голын татам хослосон байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм. Соёлз уулын Модод хамар орчмын хусан ой, түүнээс баруун зүгт 30 орчим км зайд орших Галстай гол, улмаар 50 гаруй км радиуст орших Цэцэгт, Зараа уул орчимд байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр дээж авч, нарийвчилсан хэмжилт хийв. Эдгээр дээжийг хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцоход итгэлцлүүр болгон ашиглах ажээ.
Мөн Халхгол сумаас зүүн урагш 100 орчим км зайд орших Бичигт толгой, Орч ууланд ажиллан, Нөмрөгийн ДЦГ-т түймрийн улмаас учирсан хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх боломж бүрдэж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаль орчин, хохирлын үнэлгээний чиглэлээр салбартаа 16-50 жил ажилласан туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.