Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ
Испанийн нийслэл Мадрид хотод зохион байгуулсан “International Ice Festival-5th Edition” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын уран бүтээлчид амжилттай оролцон тэргүүн байр эзэлжээ.
Уран бүтээлч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар “Тэнгисийн үнсэлт” нэртэй бүтээлээрээ өрсөлдөж, өөрсдийн авьяас чадвар, ур ухаан, уран сэтгэмжийг дэлхийн тавцанд сорин ийнхүү алтан медалийн эзэд болсон байна. Мөсөн урлаг нь богино хугацаанд асар их ур чадвар, нарийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ шаарддаг онцгой төрөл билээ. Монгол уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж, Монголын урлагийн нэгэн өнгө төрхийг дэлхийд таниуллаа.
Тав дахь удаагийн тэмцээнд 14 орны 22 уран бүтээлч, нийт 10 баг оролцсон бөгөөд Монгол Улсаас Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар оролцсон байна. Мөсөн сийлбэрчид далайн амьтад, усан доорх ертөнц, домгийн амьтдыг дүрслэх сэдвийн хүрээнд бүтээлээ урлажээ. Баг бүрд 5х5 метр талбай, тус бүр нь 125 кг жинтэй 25 мөсөн блок олгосон бөгөөд уран бүтээлчид долоон өдрийн турш хөрөө, цүүц зэрэг багаж ашиглан бүтээлээ туурвижээ.
Монголчууд Испанид болсон тэмцээнд хоёр дахиа түрүүлж байгаа нь энэ юм. Хоёр жилийн өмнө болсон гурав дахь удаагийн тэмцээнд манай сийлбэрчид “Алиса: гайхамшигт аялал” бүтээлээрээ тэргүүн байр эзлэхийн зэрэгцээ үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.