Ч.Лодойсамбуу: МАН өнөөдрийг хүртэл хийсэн үйлийн үрээ эдлэх ёстой
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын цахим орчинд дэлгэсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хулгайн хэрэгт нэр дурдагдсан бүх хүнийг шалгахыг Авлигатай тэмцэх газраас шаардлаа.
Тэрбээр “МАН-ыг төр барьж байхад гарсан авлига, хулгай, хүн амины хэрэг гээд өчнөөн асуудал бий. Х.Нямбаатарын дэвшүүлээд байгаа асуудал шинэ зүйл биш. Тиймээс тус асуудал дээр сонсгол зохиох нь төөрүүлэх арга хэлбэр. 2023 онд АТГ-ынхан болон Дашдаваа даргын нүдэн дээр бүгдээрээ энэ “кино”-г үзчихсэн. Тухайн үед бүх мэдээлэл нь яваад байхад АТГ юу хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Цахим орчин хөгжөөд бид мэдээллийг амархан мартдаг болчхож. Авлигатай тэмцэх газар гэж байна уу, дарга нь амьд уу. Ийм хаягтай байшин л харж байсан юм байна. Маш олон авлигын хэрэг сөхөгдөж, бүх мэдээлэл нүдний өмнө байхад гурван жилийн дараа нэг хүн гарч ирээд лайв хийхэд тоодог байж болохгүй. Эрх барьж байгаа намын талд, сөрөг хүчний эсрэг үйл ажиллагаанд АТГ их шуурхай ажилладаг харагдсан. Нэр дурдагдсан бүх хүнийг шалгах хэрэгтэй. Ганц сайдыг огцруул гэж хүмүүс их шаардаж байна лээ. Монголын төрөөс МАН-ыг огцруулахгүйгээр юу ч шийдэгдэхгүй. “Монголчуудын хамгийн том зовлон бол Ардын нам боллоо” гэдгийг намынх нь жирийн гишүүд хүртэл хэлж байна. Хэдэн жилийн өмнө “60 тэрбум төгрөгөөр Монголын төрийг хулгайлж, хуваагаад идсэн” хэрэг гарсан. Тухайн үед бид эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж байснаа мартсан бололтой. Одоо 60 их наяд төгрөг хулгайд нь багадаж байна. Ардын намын жирийн гишүүд “Зуун жилийн түүхтэй тусгаар тогтнолыг авчирсан нам минь хэдэн хулгайч нарын гарт үрэгдээд дууслаа” гэж байна. Жирийн гишүүд бол бидэнтэй л ижилхэн ард иргэд. Тэр хүмүүсийг “Хулгайч болоорой” гэж энэ хүмүүс сонгуульд нь гүйдэггүй.
Б.Энхбаяр гэх ганцхан хүнийг шалгах бус, дээд албан тушаалтнуудаас эхлээд бүгдийг нь шалгах ёстой. Хэрэв шалгахгүй байвал Ерөнхий сайд Н.Учрал та АТГ-ын дарга З.Дашдавааг солих хэрэгтэй. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Н.Учрал сайдыг залуу хүн илчтэй, цогтой гээд залуу үеийнхэн итгэн, дэмжиж байгаа. Яг одоо АТГ-тай нүүр тулж чадахгүй бол ажлаасаа больсон нь дээр. Энэ тухай 3-4 жил УИХ-ын нээлттэй сонсгол явуулж байхад Ерөнхий сайд нь одоог хүртэл арга хэмжээ авч чадахгүй байгаа бол больчих. Хувь заяаны эрх, үүрэг нь ирсэн учир энэ олон жилийн хулгайтай тэмцэх нь Ерөнхий сайдын ажил.
Харин Ерөнхийлөгчийг тус хулгайн асуудалд холбоогүй гэж бодож байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэдэг. Хамгийн их шударга ёс, ёс зүй ярьж, дээдэлдэг тэр хүн бол тэр өөрөө. Тийм ч учраас шударга ёс, ёс зүйн хэм хэмжээг тогтооход саад болохгүй зориг, зүрхтэй эр хүн гэж бодож байна.
Монголын ард түмэн бүгд л хулгайн хэргээр толгой дотроо нэг, хоёр хүний нэр бодож байгаа. Бид бүгд мэдэж байхад АТГ ажлаа хийхгүй байгаа нь хэний эрх ашиг вэ гэдэг нь чухал асуудал. Шийдэхгүй бол төр байж яадаг юм. МАН өнөөдрийг хүртэл хийсэн үйлийн үрээ эдлэх ёстой. Энэ үйлийн үр нь Ардчилсан нам, бусад нам эвслийнхэн болон жирийн иргэд байх ёстой” гэв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.