Эмүжин: Хэд хувирав аааа, Оюун-Эрдэнэ гуай?

Эмүжин: Хэд хувирав аааа, Оюун-Эрдэнэ гуай?

Хэд хувирав аааа, Оюун-Эрдэнэ гуай?

-2025.05.09. Л.Оюун-Эрдэнийн хүү найз бүсгүйдээ 3500 доллар буюу 12 сая 250 мянган төгрөгийн цүнх, 17 саяын үнэтэй алмаазан бөгж бэлэглэж, 20 сая төгрөг бэлэг хэмээн шилжүүлж, цагийн 3000 долларын түрээстэй нисдэг тэргээр аялан, гэрлэх санал тавьсан талаар хэвлэлүүд мэдээлж, уг бэрийн унадаг, Монголд хоёрхон байдаг гэх 1.0 тэрбумын машины талаар сошиал орчинд шуугиан дэгдэв. Ерөнхий сайд болон 20 гаруй настай хүүг нь орлогоо нотлохыг олон нийт шаардав.
-2025.05.10. Л.Оюун-Эрдэнийн худ, бэрийн аав Өгөөдэй гэх хүн гарч ирэв. Америкт компанитай, 27 жил бизнес хийсэн, хайрлаж өсгөсөн охиндоо төдий зэргийн мөнгө зарцуулна, цүнх авна гэхээр нь 10 саяар хоёр удаа мөнгө шилжүүлсэн, надад энэ байтугай өмч хөрөнгө байна гэсэн мэдэгдэл хийв. Гэвч гүйлгээний утга дээр Оюун-Эрдэнийн хүүгийн нэрний эхний үсэг байх ба, бэр бүсгүй постондоо "Баярлалаа, baby" гэсэн үгс хавсаргасан байв.
-2025.05.11. Худ нөхөр худлаа буудаж байгааг гэрчилсэн, хуучин шонгийн мод, цахилгааны утас...зэрэг зарахаар өөрийн нэрээр өгсөн зарлалууд, дээр нь Америкт, Виржиниад байдаг гэх компани нь худал, СӨХ-ийн дарга байсан зэрэг бодит үнэнийг олон нийт хэдхэн цагийн дотор уудлан гаргаж шидэв. Ийм тохиолдолд 1.0 тэрбумын машин, 20 саяын бэлэг, брэндийн цүнх зэрэг нь энэхүү худ гэх хүнд хамаагүй байна аа гэсэн гаргалгааг олон түмэн орвонгоор нь ухаж нотлов. 
-2025.05.12. Худ нөхөр дахин яриа өгч, үр хүүхдээ өнгөтэй явуулах гэж зүтгэдэг хөөрхий эцгийн дүрд тоглов. Манайх стратегийн орд эзэмшээгүй, тендер аваагүй...гэв. Худын хөрөнгө ажил бидэнд хамаагүй, гагцхүү энэ хүний өгөөд байгаа тайлбар нь өөрөө гөлөг төөрүүлэх төдий байгааг мэдээгүй юү, мэдсэн ч гөлийсөн үү? Үүнтэй давхцуулан аавууд бүх хайраа охиддоо гэсэн поп хөгжим сошиал даяар уянгалав.
-2025.05.13. Иргэн Доржтүвдэн цахимаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж эхлэв. Эдийн засагч Лут-Очир, Оюунбат нар Оюун-Эрдэнийн хэрэглээ хөрөнгө орлогын мэдүүлгээсээ илт давж байгааг шалгуулахаар АТГ-т хандав. Мөн энэ өдөр залуусын "Огцрох амархан" жагсаал төв талбайд эхлэв.
-2025.05.14. Ганцмод, Гашуунсухайтын төмөр замыг холбох холболтын ажлын нээлтэнд Ерөнхий сайд оролцон үг хэлэв. Арга хэмжээний дараа сэтгүүлчид түүнээс хөрөнгө, орлогынх нь талаар болон үүсээд байгаа нөхцөл байдалд тайлбар авах гэсэн боловч хамгаалалтаа чангатган хүч нэмж, улмаар зугтаж одов. Төв талбайд эхэлсэн залуусын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, улам эрчимжив. Хаанбанк хакердуулсан мэдээлэл цацагдсан боловч олон нийтийн анхаарал бэр бүсгүйн тансаглалаас агшин ч хөндийрсөнгүй. Төв талбайд шөнөдөө олон асар майхан нэмж, жагсаж цуглах аргагүй болгосон байлаа.
- 2025.05.15. АТГ Ерөнхий сайдтай холбоотой иргэдийн гомдлын мөрөөр шалгалт эхлүүлснээ зарлав. Шуугианы эзэн залуу хүү ирэх долоо хоногт ирж тайлбар өгнө хэмээн мэдээллээ. Гэвч энэ бол дуулианыг түр зуур дарж, жагсаалыг сааруулах оролдлого хэмээн үзэж буйгаа хууртаж хаширсан залуус нуусангүй. Оюун-Эрдэнэ сарын өмнө "Манай гэр бүл Лондонд амьдардаггүй" гэж мэдэгдэж байсан боловч ямартай ч хүү нь тэнд аж төрдөг ажээ. Нөгөө дуулиант брэндийн цүнх хулхи гоёл байсан мэтээр саармагжуулав. Жагсаалд оролцож байгаа залуус үс зүсээ нуугаарай, виз дарагдахгүй шүү гэсэн пост хамгийн хорлонтой нь байлаа. 30 жил улс төр бичиж, үзэл санааны эрх чөлөө шаардаж байгаа би мэдэлгүй дээ, харин ч визэнд чинь ардчилсан орнууд хүндэтгэлтэй хандана, нийгмээ өөрчлөх гэж зүтгэснийг чинь үнэлдэг юм!
-2025.05.16. Цахимаар өрнөж буй Оюун-Эрдэнийг огцруулах санал асуулга гацаж эхлэв. Саналын тоо 39 мянгад хүрчээ. Талбайн жагсаал үргэлжилж, тэнд жагсаж буй залуусыг нэг нэгээр нь сугалан, сошиалын дүүжлүүрт хаяж өгөх ажил эрчимжлээ. Ерөнхий сайд Оджаргал зэрэг үндэсний дайснуудтай улаан гараараа үзэлцэж байгаа тухай постерууд хаа сайгүй тараав. Атал Оюун-Эрдэнэ, Оджаргал хоёр Эдийн засгийн зөвлөлийн хурал уулзалтын үеэр өмнө өмнөөсөө харж суудаг, ихэд энгийн харилцаатай болохыг нэгэн гишүүн зарлаж орхив. Мөн энэ өдөр Занданшатар, мисс хоёрын тухай шинэ сэвүүр гаргаж шидсэн хэдий ч бэрийн тансаглалыг бүдгэрүүлж ч чадсангүй. 
-2025.05.17. Ерөнхий сайд амралтын өдөр өөрт нь үйлчилдэг гэх хэвлэл, сайт, телевизүүдийг дуудан яриа өгөв. Хүү нь найз охинтой болсон, бэлэг өгсөн, би сая мэдлээ, амьдрал амаргүй ...ялаануудтай үхтрээ тэмцэнэ...одоо араас нь ялаатай драм ид өрнөж байна даа. Цахим санал дөрөв хоногт өчнөөн саад бэрхшээлийг туулан 43.3 мянгад хүрчээ. Ингэхэд Оюун-Эрдэнэ гуай энэ хэдхэн өдөрт хэдэн удаа хувирчихав ааааа, цаашдаа яана ааа? Зүгээр л орлогоо нотолчих оо гээд байхад л хулгайч шиг бултаж зугтаад, ямар аймаар олон хувирдаг юм бэ, яасанчиг хувирамтгай хуурмаг орчлон бэээ...брэндийн цүнхийг ялаа болтол хувиргадаг бэрх хүү юм энэ тэр!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.