Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ.
АНУ-ын эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагааны явцад явцад баривчлагдсан Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро, түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-ны даваа гарагт болсон хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ.
“Би гэм буруугүй. Би шударга хүн, өөрийгөө одоо ч улс орныхоо ерөнхийлөгч гэж үзэж байна” гэж Мадуро хэлжээ. Тэрбээр мөн өөрийгөө “цэргийн олзлогдогч” гэж нэрлэсэн байна.
Венесуэлийн удирдагч асан болон түүний эхнэр шүүх хуралдаанд шоронгийн хувцастай, орчуулгын чихэвч зүүж оролцсон бөгөөд гартаа гавгүй ч хөлдөө дөнгө зүүсэн байжээ.
Флорес шүүх хурлын үеэр өөрийгөө Венесуэлийн тэргүүн хатагтай хэмээн танилцуулж, мөн адил гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна.
Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд тэр хүртэл Николас Мадуро болон түүний эхнэр Нью-Йорк хотод цагдан хоригдсон хэвээр байх юм.
Мадурогийн төлөөлөгчид түүнийг бүрэн эрхт улсын төрийн тэргүүний дархан эрхтэй хэмээн үзэж, баривчилгаа хууль ёсны байсан эсэх талаар заргалдахаар төлөвлөж байна. Харин АНУ-ын эрх баригчид түүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.