БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар даваа гарагт хэлэлцээ хийжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар даваа гарагт хэлэлцээ хийжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар даваа гарагт хэлэлцээ хийх үеэрээ Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцаж, Солонгосын хойгт энх тайван тогтоох арга замыг судлахаар тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээлжээ. 

90 минут үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Ли Жэ Мён хэлэхдээ "Пёньян яриа хэлэлцээ хийх ямар ч шинж тэмдэг харагдахгүй байгаа энэ үед Умард Солонгосыг хэлэлцээний ширээний ард дахин суулгахын тулд БНХАУ-тай хамтран ажиллах нь чухал" болохыг онцолжээ. 

“Солонгосын хойг тогтвортой байх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг Ли Жэ Мён, Ши Жиньпин нар дахин мэдэгдсэн бөгөөд БНХАУ энэ зорилгод хүрэхэд “үр дүнтэй” үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагийн баталгааг Ли Жэ Мён авсан гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак хэвлэлийнхэнд мэдээлжээ. 

Тэрбээр хэлэхдээ “хоёр удирдагч Умард Солонгостой яриа хэлэлцээг сэргээх нь чухал гэдгийг онцоллоо” гэж мэдэгдээд Ли, Ши нар Солонгосын хойгт энх тайван тогтоох “үр дүнтэй арга замыг” үргэлжлүүлэн эрэлхийлнэ хэмээн нэмж дурдсан байна.

Тэд мөн жил бүр уулзалт хийж, "харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих" зорилгоор батлан хамгаалах яамд хоорондын харилцаа, солилцоог өргөжүүлэхээр тохиролцсон гэж Ви Сон Лак хэллээ. 

Уулзалтын үеэр мөн хоёр улсын хамтран хянадаг Шар тэнгис дэх Далайн түр бүсэд Хятадын талын суурилуулсан ган бүтээцүүдтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. 2018 оноос хойш Хятад улс уг бүс болон түүний эргэн тойронд ган бүтээцүүдийг байрлуулсаар байгаа бөгөөд Өмнөд Хятадын болон Зүүн Хятадын тэнгис дэх Хятадын үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор үүний цаана ямар зорилго байгаад эргэлзэхэд хүргэжээ.

Шар тэнгисийг "энх тайван, харилцан ашигтай тэнгис" болгох нь харилцаагаа тогтвортой, урт хугацаагаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгтэй хоёр тал санал нэгдсэн бөгөөд "үр бүтээлтэй" зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Ви хэлээд, энэ асуудлаар ахиц дэвшил гаргана гэж найдаж байгаагаа нэмж хэлсэн байна.

Хоёр улсын хоорондох далайн хилийг тодорхой зааглаагүй тул талууд энэ онд дэд сайд нарын түвшинд энэ асуудлыг хэлэлцэхээр тохиролцжээ.

Хоёр удирдагч мөн соёлын солилцооны талаар хэлэлцжээ. 2017 онд Өмнөд Солонгост АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулснаас хойш Бээжингийн зүгээс албан бус хязгаарлалттай тулгараад байгаа тул Хятадад Солонгосын контентын хандалтыг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Харин Бээжин ийм хязгаарлалт тогтоосон гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй байна.

Ли, Ши нар го даам, хөл бөмбөг зэрэг салбарт соёлын солилцоог аажмаар өргөжүүлэх талаар хэлэлцэж, цуврал кино, уран сайхны кино бүтээх тал дээр хамтран ажиллах асуудлыг ажлын хэсгийн түвшинд судлахаар тохиролцсон гэж аюулгүй байдлын зөвлөх хэлэв.

Хоёр удирдагч хоёр улсын бие биенийхээ талаарх сөрөг хандлагыг даван туулахын тулд хамтран ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Хятадын тал Тайванийн талаарх Лигийн байр суурийг сонирхсон эсэхийг асуухад Ви хариулахдаа, БНСУ "нэг Хятад" бодлогыг хүндэтгэдэг гэдгийг Ерөнхийлөгч дахин нотолж, хоёр талын харилцааны тогтвортой байдлыг хангахын тулд бие биенээ харилцан хүндэтгэх хэрэгтэйг онцолсон гэжээ. 

Хятадад хийсэн анхны айлчлалынхаа үеэр Ли Жэ Мён Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хийх түүний уулзалт нь 2026 оныг Өмнөд Солонгос-Хятадын харилцааг "бүрэн сэргээх" эхний жил болгох чухал боломж болно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Montsame.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.