БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд цаазын ял төлөвлөжээ

БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд цаазын ял төлөвлөжээ

Өмнөд Солонгосын прокурорууд 2024 онд цэргийн дэглэм тогтоохыг оролдсоны улмаас огцорсон Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд цаазаар авах ял оноохыг хүслээ.

Мягмар гарагт Сөүлийн төвийн дүүрэгт болсон шүүх хуралдааны үеэр тусгай прокурор Чо Ын Сукийн баг ерөнхийлөгч асныг Юнийг төрийн эргэлт хийх замаар ардчилсан үндсэн хуулийн дэг журамд заналхийлсэн гэж буруутгажээ.

"Бослогын хамгийн том хохирогчид бол энэ улсын ард түмэн. Юнд хөнгөвчлөх нөхцөлгүйгээр хатуу шийтгэл оногдуулах ёстой" хэмээн прокурорууд мэдэгдэв.

Төрийн эргэлт хийхийг завдсан хийгээд эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шүүгдэж буй Юн Сок Ёльд холбогдох шүүх хурал өчигдөр 11 цагийн турш үргэлжилжээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, шүүхээс гаргасан шийдвэрийг хоёрдугаар сарын 19-нд танилцуулна.

Ерөнхийлөгч асан өөрт нь тулгасан гэмт үйлдлүүдийг үгүйсгэж, сөрөг хүчний намууд засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж байсан тул эрх мэдлийнхээ хүрээнд хуулийн дагуу цэргийн онц байдал зарласан гэж мэдүүллээ. Мягмар гарагт болсон шүүх хурал дээр үг хэлэхдээ Юн бослогын хэргийн мөрдөн байцаалтыг бүхэлдээ гажуудсан, залилан мэхлэлтэд автсан гэж шүүмжилжээ.

Хэрэв Юн гэм буруутай нь тогтоогдвол 1979 онд иргэдийн жагсаалыг нухчин дарсан хэргээр яллагдсан цэргийн хоёр удирдагчийн дараа бослогын хэргээр яллагдсан Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч болох юм.

Юнд ялын дээд хэмжээ оноосон ч гэсэн Өмнөд Солонгос 1997 оноос хойш цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн тул хэрэгжүүлэх магадлал багатай.

Ерөнхийлөгч асанд холбогдох бусад хэргийн шүүх хурал баасан гарагт Сөүл хотын шүүхэд болно. Уг хурлаас Юн Сок Ёль шударга ёсыг зөрчсөн хэргээр 10 жилийн хорих сонсох магадлалтай тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.