Өвөрхангай аймагт 300 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг байгуулна
Өвөрхангай аймагт 300 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулахаар төлөвлөж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын 21 аймгийг хамарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд тус эмнэлгийг барих юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс, эмч, сувилагч нартай уулзан салбарын шинэчлэл, бодлого, тус аймагт хийх хөрөнгө оруулалтын талаар өчигдөр мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Дэлгэсэн тэрлэг шиг уудам нутагтай монгол орныхоо хаана амьдрахаас үл хамааран иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай авах боломжтой байх дэд бүтэц, хүний нөөцийг бүрдүүлэх нь Засгийн газрын эрүүл мэндийн салбарт баримталж буй тэргүүлэх бодлого юм. Энэхүү бодлого нь сум, аймгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийг олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжаар хангах, орчин үеийн менежментийг нэвтрүүлэх, эмч, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх юм. Ингэснээр аврах боломжтой амь насыг аварч, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ” гэв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.