Сарны бүтэн хиртэлт өнөөдөр болно
Сарны бүтэн хиртэлт өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдөр тохиож байна.
Дагуул Сар маань бүхэлдээ Дэлхийн сүүдэрт орно гэсэн үг.
Дэлхийн диаметр Сарны диаметрээс ойролцоогоор 4 дахин том учраас сүүдэр нь Сарыг бүхэлд нь халхалж болдог.
Энэ үеэр Сар улаан харагдах бөгөөд уг үзэгдлийн оргил хиртэлт 58 минут 19 секунд үргэлжилнэ.
Улаанбаатарын цагаар 19:04 эхэлж 20:02 дуусна. Нийт хиртэлт үргэлжлэх хугацаа 16:44 цагаас 22:23 цагийн хооронд болно.
Нар, Сар, Дэлхий гурав нэг шугаманд байрлах учраас Нарны гэрэл Дэлхийн хаяагаар зөрөхдөө агаар мандалд сарниад зарим хэсэг нь Сарны гадаргуу дээр тусдаг учраас сар улаан өнгөтэй болдог.
Энэ үед Нарны гэрлийн их энергитэй буюу бага долгионы урттай нь хэсэг нь /цэнхэр өнгө/ Дэлхийн агаар мандалд сарниж алга болоод улаан хэсэг нь Саранд хүрдэг. Тэнгэр цэнхэр өнгөтэй байдгийн шалтгаан нь, Нар жаргах үед улаан болдог шалтгаан нь бас үүнтэй холбоотой.
Нарны хиртэлтээс ялгаатай нь Сарны хиртэлтийг Дэлхийн хаанаас ч харж болдог. Сар хэрэв үзэгдэх орчинд байвал хэн ч харж болно.
Монгол орны хувьд Нар дөнгөж жаргах үеэр эсрэг зүгээс Сар мандах бөгөөд тэр үеэр тэнгэрийн хаяа хавиар хиртэж үзэгдэнэ.
Тиймээс энэ ховор үзэгдлийн гэрч болохыг хүсвэл Нар жаргах үеэр тэнгэрийн хаяан зүүн хойд зүгт хараагаа чилээгээрэй.
Жич: Энэхүү үзэгдэл Цусан хэмээн алдаршсан ч энэ бол шинжлэх ухааны нэршил биш. Хойд Америкийн уугуул иргэдийн нэрлэсэн нэршил юм.
Сарны бүтэн хиртэлтийн үед Дэлхийд үзүүлэх ямар ч хүчин зүйл байхгүй, хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө гарахгүй учраас санаа зоволтгүй гэж "Хүрэл тогоот" одон орон судлалын төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.