Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төвийн бүсэд ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төвийн бүсэд ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдын  газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсох үеэр газар тариалангийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жижиг аж ахуйн нэгжүүд шалгуур хангаж чадахгүйгээс зээлд хамрагдах боломжгүй байгаа болон банкнууд хөрөнгийн эх үүсвэргүй тул зээл олгохгүй байгаа зэрэг асуудлыг хөндөв.

Хаврын тариалалттай холбоотой тариаланчид, ногоочид Засгийн газарт гурван асуудал тавьсныг шуурхай шийдсэн гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов. Тухайлбал, хаврын тариалалтад зориулж шатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэх, 2026 оны төсөвт суулгасан хөнгөлөлтэй зээлийн хэмжээг 70 тэрбумаар нэмэгдүүлэн 200 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн. Өнгөрсөн жилийн гантай холбоотой аж ахуйн нэгжүүд хөрөнгийн эх үүсвэргүй болсноос зээлд хамрагдаж чадахгүй байгаа тул тариалан эрхлэгчдэд зээлийн хөнгөлөлт үзүүлж байгаа гэдгийг салбарын сайд хэллээ.

Газар тариалангийн  төвийн бүсийн хэмжээнд энэ жил 16 мянган га талбайд төмс тариалахаар төлөвлөсөн байна. Аж ахуйн нэгжүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй зээлийг урьдчилгаагүй олгож байгаа ч хүртээмж нь хангалттай биш байгаа аж. Тиймээс Төв аймгийн Жаргалант сумын хэмжээнд гэхэд 4000 га-д төмс тарих байсан ч 3000 га-д л тариалахаар байгаа гэдгийг ногоочид хэлж байв.

Сайд Ц.Идэрбат “Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн 80 гаруй хувийг төвийн бүсийн газар тариалан эрхлэгчдэд олгогдсон. Газар тариалангийн зээлийн тэгш хүртээмж дээр анхаарч байгаа. Хөнгөлөлттэй зээлийн хүртээмж ямар байгааг, баруун, зүүн бүсэд хэрхэн олгогдсон гэдэгт дүгнэлт хийнэ” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн 2027 онд Монгол Улс улаанбуудай, төмсний үрийн нөөцөө дотооддоо бүрдүүлэх тал дээр онцгой анхаарна гэдгийг хэллээ.

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр олгогдсон хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгөв. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 380 иргэн зээлд хамрагдсан. Үүнээс 208 иргэн газар тариалангийн чиглэлээр 34 тэрбум төгрөгийн зээл авчээ. Мөн төмс, хүнс ногоо тариалдаг 75 иргэн 7.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Хүнсний ногоо тариалдаг жижиг компаниуд банкны шалгуур даахгүй байгаагаас Сэлэнгэ аймгийн 17 сумын 7 суманд төмс, хүнсний ногооны зээл олгогдоогүй байна.

Ерөнхий сайд Н.Учрал арилжааны банкнуудад жижиг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохдоо тавьж буй нөхцөл, шаардлагаа зөөлрүүлэх, зээлдэгчдийг төрөлжүүлж, эрсдэлийн жинг нь бууруулах, өр, орлогын харьцааг тааруулах зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газраас тавиад байгаа гэв. ХХААХҮЯ зээлийн батлан даалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шаардлагатай бол санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дэмжлэг үзүүлэх боломжуудыг судлахыг Ерөнхий сайд чиглэл болгосон талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.