БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдаан зарим үед цаг сунган 22 цаг хүртэл хуралдаж, 19 хууль, 14 тогтоол, нийт 33 хууль тогтоол баталсан болохыг хэллээ.
Тухайлбал, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн гурван анхдагч хууль болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан амьдралд илүү нийцүүлсэн гэдгийг онцлов.
Мөн УИХ-ын гишүүдийн ирц сайжирч буйг УИХ-ын дарга тэмдэглээд өнгөрсөн тавдугаар сард 100 хувийн ирцтэй нэг удаа ч хурал таслаагүй, хоцроогүй, гадаад дотоод томилолт, эмнэлгийн чөлөө аваагүй УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, Р.Батболд, С.Бямбацогт, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, М.Сарнай, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд нарт талархал дэвшүүллээ.
Ингээд хуралдааны эхний асуудал болох хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 68 гишүүн буюу 89.5 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 4-нд өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтайгаар хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүнээс 2026 оны тавдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, байнгын хорооны санал дүгнэлттэй танилцаж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан байна.
Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийн санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 20-нд өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Анар танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Үүний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 34 саналаар санал хураалт явуулав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.