Хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдахдаа 278 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна.

Хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдахдаа 278 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна.

УИХ-ын хаврын чуулганыг өчигдөр хаалаа.

Хуульд 75 хоногоос доошгүй хугацаанд хавар, намрын чуулганыг хуралдуулахаар заасан. Тэгвэл энэ удаагийн хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд нээж, өчигдөр өндөрлөлөө. 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хагацаа нь талдаа орлоо. Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, УИХ-ын тогтоол 58-ыг хэлэлцэн баталжээ. 

УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын ээлжит чуулганыг хааж үг хэлэхдээ, “УИХ-ын гишүүд болон парламентад суудал бүхий улс төрийн намууд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг бодитой харуулсан чуулган боллоо гэж дүгнэж байна. Чуулганы хугацаанд бид “Нээлттэй парламент”-ын шинэчлэлийг эхлүүллээ. Энэ нь зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал бус, хууль тогтоомжийг хэлэлцэн батлахдаа иргэдийн оролцоотой, хяналттай гаргасан шийдвэр бүр нь амьдралд хэрэгждэг байхад оршино. Энэ чуулганаар гишүүдийн идэвх оролцоо сайжирч, УИХ илүү нээлттэй, иргэдээ сонсдог, иргэндээ ойр байх чухал алхмыг хийж чадсан. Миний бие УИХ-ын даргаар сонгогдсоноос хойших өнгөрсөн 90 өдрийн турш энэ танхим дахь гишүүн бүрээс ирц оролцоо, идэвх хариуцлагаа илүү сайжруулахыг сануулж ажиллалаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн, нийгмийн захиалга болсон хууль тогтоомжийн төслийг УИХ энэ хаврын чуулганаар цаг алдалгүй, шуурхай хэлэлцэн баталсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хууль тогтоол цаасан дээр үлддэг бус, амьдралд хэрэгждэг байх учиртай. Одоо гагцхүү Засгийн газар хуулийн хэрэгжилтэд анхаарч, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя. Болзошгүй эрсдэл хүндрэлийг урьтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж давах, тодорхой стратеги төлөвлөгөөтэй байхыг гадаад орчин, эдийн засгийн нөхцөл байдал, өнөөдрийн цаг үе шаардаж байна.

Зуны сар зургаа биш ээ. Шатахууны хангамжийг тогтвортой байлгах, мах гурил, төмс хүнсний ногооны нийлүүлэлтэд онцгой анхаарч, үнийн савлагаанаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэж, орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүч, мал аж ахуйн салбарын ирэх өвлийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг олон асуудлыг одооноос анхаарч ажиллах ёстой. УИХ-ын эрхэм гишүүд ээ, та бид ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай. Сайн хууль гэж хөгжилд түлхэц өгсөн, хүнд өгөөж өгсөн, алсыг харж, асуудлыг шийддэг байх ёстойг байнга санан, чуулган завсарласан зуны дэлгэр цагаар иргэд сонгогчидтойгоо илүү ойр байж, ирэх намар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар санал бодлыг нь сонссон, үр бүтээлтэй улирал болгон ажиллахыг хүсье. Хүн төвтэй хууль баталж, хүчирхэг Монголын хөгжлийн үндсийг тавьж, иргэдийнхээ итгэлийг хураасан, хяналттай, нээлттэй парламентыг төгөлдөржүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Монгол түмний минь хийморь сүлд өөдөө байж, эв нэгдэлтэй, хөгжил дэвшилтэй, иргэн бүр аз жаргалтай, айл өрх бүр амар амгалан байх болтугай. Монгол Улсын Их хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье” гэв.

Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдахдаа 278 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.