Томуугын эсрэг дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж байгаа
Нийслэлээс “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аяныг энэ сарын 3-наас эхлүүлээд буй.
30 хоног үргэлжлэх аянд энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 6 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг суурь өвчтэй 293 мянган иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн вакцины хамралт 67.2 хувьтай үргэлжилж, зорилтот бүлгийн 180 мянга орчим иргэнийг хамруулжээ
Энэ жилийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цент вакциныг хэрэглэж байгаа юм. Тус вакцин нь томуугийн А хүрээний хоёр, В хүрээний хоёр төрлийн вирус болон томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж.
Улирлын томуугийн идэвхжил ихэвчлэн аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг ч энэ жил эрт эхэлж болзошгүйг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Ялангуяа зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн вакцины хамралт харьцангуй бага байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ вакцинд хамруулж, томуугаас урьдчилан сэргийлэхийг зөвлөв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.