БНХАУ-ын Өвөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс малчдад 200 мянган юанийн хандив өглөө

БНХАУ-ын Өвөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс малчдад 200 мянган юанийн хандив өглөө

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн нийгэмлэгээс Монголын улаан загалмайн нийгэмлэгт 200 мянган юанийн хандивыг хүлээлгэн өглөө.

Энэхүү хандивыг зудын гамшигт өртсөн малчдад илгээх юм. Хандив гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй албаныхан оролцов.

Элчин сайд Шэнь Миньжуань хэлэхдээ, “ӨМӨЗО-ы Улаан загалмай нийгэмлэгийг төлөөлөн Монголын Улаан загалмай нийгэмлэгт 200 мянган юанийн хандивыг хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Өнгөрсөн өвөл Улаанбаатарт мэдрээгүй боловч Монголын зарим аймаг, суманд огцом хүйтэрч, хэд хэдэн удаагийн хүчтэй цасан шуурга тохиож, тухайн орон нутгийн малчдын аж амьдралд тодорхой хүндрэлд тулгарсан. Өвөр Монголын Улаан загалмай нийгэмлэг тухайн нөхцөл байдлыг мэдсэн даруй Монголын Улаан загалмай нийгэмлэгийн авран туслах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлт илэрхийлсэн юм. Хятадын тал  Монголын бүс нутаг бүрд тулгараад буй сорилтуудыг даван туулахад боломжоороо туслахад бэлэн байна. Бидний хэрэгжүүлсэн олон төсөл Монголын Улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэй ажиллагаа, хүчин чармайлттай салшгүй холбоотой. Тухайлбал, “Бүс ба Зам-Гэрэлт аялал”, “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал” буюу хүнд өвчтэй хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр зэргийг дурдаж болно” гэв.

Харин МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, “Өнгөрсөн өвөл өмнөх хоёр жилтэй харьцуулахад харьцангуй гайгүй байлаа. Гэхдээ 50 гаруй сум цагаан зудтай өвөлжсөн. Цагаан сарын дараа хүчтэй цасан болон шороон шуурга болсноос үүдэн олон малчин их, бага хэмжээний хохирол амссан. Манай байгууллагын гол үүрэг нь байгалийн гамшгийн улмаас хохирсон малчдад туслахыг онцгой анхаардаг. Тиймээс зуд болон хаврын гамшгаар малаа алдсан иргэдэд хүмүүнлэгийн тусламж олгох ажиллагаа ид үргэлжилж байна. Бидний Олон улсын Улаан хавирган сар холбоо, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, түүний Өвөр Монгол дахь салбар хороо хамгийн түрүүнд тусалдаг. Нэг малчин өрхөд 660 мянган төгрөгийг “Хаан” банкаар дамжуулан олгохоос гадна малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багцын тусламж олгож байна. Хүмүүнлэгийн тусламжийг олгосны дараа гарсан үр дүнгийн тухай тайлагнана. Манай орны хувьд хавар нь өвлөөсөө хүнд. Цаг агаар орчим өөрчлөгдөх, хүчтэй цасан шуурга шуурахаас эхлээд малчдыг зутраадаг. Үүнд хамгийн түрүүнд Хятадын Улаан загалмайн нийгэмлэг тусламжийн гараа сунгадагт баярлаж байна. Өнгөрсөн өвөл эрс хүйтэрснийг онцлох нь зүйтэй” хэмээн ярилаа.

ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн 200 мянган юанийн хандивыг Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймагт байгалийн гамшигт малаа алдсан иргэдэд хуваан олгох юм.

Хоёр жилийн өмнө БНХАУ болон ӨМӨЗО-оос ирүүлсэн тусламжийг 700 гаруй малчинд хүргэж байжээ. Монголын улаан загалмайн нийгэмлэгээс удахгүй Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдад тусламж хүргэхээр явах юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.