Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.

Хууль санаачлагчдаас УИХ-ын 2025 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 2025 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталсан. Ингэснээр Төсвийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1.4-т “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” гэж заасны дагуу Засгийн газар 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх нөхцөл үүссэн хэмээв.

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний 5 сард дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеийнхээс 39 хувиар унаад байна. Улмаар нийт экспорт 2025 оны эхний 5 сард 5.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 15 хувь буюу 931 сая ам.доллароор, төсвийн нийт орлого 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр буураад байна. Мөн эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буураад байна. Экспорт, төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого тасрахаар байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгож байна гэлээ.

Улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Эдийн засгийн бодит өсөлтийг 2025 онд 5.5 хувь, инфляцыг 9.5 хувь, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 90 их наяд төгрөг, төсвийн орлого 30,209.9 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Төсвийн суурь зарлагыг тооцохдоо төрийн байгууллагуудад төрийн албан хаагчийн сул  орон тоог нөхөхгүй байх замаар цалингийн зардлыг бууруулах, мөн төрийн албанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу хэвийн ажиллаж байгаа албан хаагчдын ажлын байрыг хадгалах зарчмыг баримталсан байна. 

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсрууллаа. Үүнд,

-Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон.

-Нэгдсэн төсвийн суурь тэнцэл: Нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасан хуулийн шаардлагыг хангаж байна.

-Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ: Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон нь хуулийн шаардлагад нийцэж байна.

-Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2025 онд ДНБ-ий 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.