Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдож, тус улсын цорын ганц эрх баригч намыг 15 жил удирдах эрхээ сунгалаа.

Төрийн мэдээллийн агентлаг KCNA-ийн мэдээлснээр , сонгууль таван жил тутамд болдог намын их хурлын дөрөв дэх өдөр буюу ням гарагт болсон байна. Энэ удаагийн их хурлаар Хөдөлмөрийн намын Төв хорооны гишүүдийг сонгож, дүрэмд өөрчлөлт оруулсан тухай мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. 

Ким 2011 онд эцэг Ким Жон Илийг нас барснаас хойш Умард Солонгосын дээд удирдагчаар ажиллаж байна. 2019 онд БНАСАУ-ын хууль тогтоох байгууллага Ким Жон Унд төрийн бүх асуудлыг цогцоор шийдвэрлэх эрх мэдэл олгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, түүнийг албан ёсоор төрийн тэргүүнээр томилсон.

Хөдөлмөрийн намын их хурлын үеэр Ким Жон Ун намынхаа өнгөрсөн таван жилийн ажлыг үнэлж, дараагийн таван жилд хэрэгжүүлэх шинэ стратеги, зорилтуудыг тодорхойлсон. Их хурлын нээлтэд үг хэлэхдээ Ким сүүлийн таван жилийг "өөрийн хэв маягийн социалист үйл хэргийг хэрэгжүүлсэн бахархалтай он жил" хэмээгээд хориг арга хэмжээ, дэлхийн нийтийн эрүүл мэндийн хямрал" зэрэг сорилтуудыг хүлээн зөвшөөрсөн юм.