Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён өнөөдөр Японд уулзлаа.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён өнөөдөр Японд уулзлаа.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар мягмар гарагт буюу өнөөдөр Японд уулзлаа. Зүүн Азийн хөрш тус хоёр улс аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байна. 

Хоёр удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Умард Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудал, мөн хиймэл оюун, хагас дамжуулагч зэрэг салбарт хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцлээ.

“Бид энэ оныг Япон-Өмнөд Солонгосын харилцааг улам өндөр түвшинд гаргах жил болгохыг хүсэж байна” гэж Такаичи уулзалтын эхэнд Лид хандан хэлжээ.

Т.Санаэгийн төрсөн нутаг болох Нара мужид хийж буй энэхүү уулзалт нь БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсанаас долоо хоногийн дараа болж байна. Такаичи Хятадын цэргүүд Тайвань руу халдсан тохиолдолд Японы оршин тогтнолд заналхийлэх нөхцөл байдал гэж үзэх болно гэж мэдэгдсэний дараа Токио, Бээжингийн хооронд дипломат сөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.

Хятад улс Тайванийг газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг бөгөөд арлын өөртөө засах эрхийг хүлээн зөвшөөрдөггүй. 

Японд хоёр өдрийн айлчлал хийж буй Ли Жэ Мён өмнө нь хэлэхдээ, дипломат сөргөлдөөн нь бүс нутгийн энх тайванд хүсээд байх зүйл биш бөгөөд уг маргаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

“Одоогийн төвөгтэй, хурдацтай өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд Өмнөд Солонгос, Японы хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү чухал болоод байна” гэж тэрбээр Т.Санаэд хандан хэлжээ.

Т.Санаэ, Ли Жэ Мён нар дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.