АНУ-ын Цагаачлалын визний хоригт Монгол Улс багтжээ

АНУ-ын Цагаачлалын визний хоригт Монгол Улс багтжээ

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа нэгдүгээр сарын 21-нээс эхлэн зарим улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг түр хугацаанд зогсоолоо. Үүнд Монгол Улсын иргэд ч багтаж байна. 

Цаашдаа эдгээр 75 улсын иргэдийг цагаачлалын виз мэдүүлэхэд эмнэлгийн тусламж, нийгмийн халамжид хамрагдаж болзошгүй байдлыг харгалзан үзэх аж. Учир нь цагаачлал нэрийн дор АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр нийгмийн халамжид хамрагдах, эмчлүүлэх явдал гаарч зарим нөхцөлд луйврын шинж чанартай болж байгаагийн эсрэг авч байгаа арга хэмжээ хэмээн Цагаан ордноос тайлбарлалаа. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Миннесота мужид сомали гаралтай цагаач иргэд нийгмийн халамжийн хөтөлбөр ашиглан хүүхэд харах төв, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх нэрийдлээр олон зуун сая доллар завшсан үйлдэл гарсан нь ийнхүү хууль дүрэм журмаа чангатгах шалтгаан болжээ. 

Энэхүү шийдвэр нь аялал жуулчлал, албан болон бизнес, сурах, оюутан солилцоо зэрэг цагаачлалын бус виз мэдүүлж байгаа иргэдэд хамаарахгүй аж.

Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн арванхоёрдугаар сард 39 орны иргэдийн АНУ-д аялах, орогнол хүсэх хүсэлтийг түдгэлзүүлсэн юм. Төрийн департамент өнгөрсөн сард 605 000 гаруй хүнийг албадан гаргасан бол 2.5 сая хүн сайн дураар Америкийг орхин гарчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.